Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа

2023-04-14


Монгол Улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэлт гарснаас хойш хоёр талын боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцаа идэвхтэй явагдаж эхэлсэн.  Манай хоёр орны  боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал баримт бичиг  бол “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” Монгол, Австралийн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг (1993) юм. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэд 1994 оноос Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, австралийн их дээд сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд өдгөө 700 гаруй иргэн тэтгэлгээр суралцаж төгсөөд байна. Өнөөдрийн байдлаар 40 оюутан уг тэтгэлэгт хөтөлбөрөөр Австралид суралцаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол, Австралийн харилцааны нэг тулгуур болсон боловсролын салбарын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж  байна. Энэ хүрээнд 2023 оны 3 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсад ажлын айлчлал хийсэн нь Монгол Улсын Боловсролын сайдын хувьд анхны айлчлал болж, боловсролын салбарын харилцаанд нэгэн хуудас нэмлээ.

Айлчлалын үеэр Л.Энх-Амгалан сайд Австралийн Боловсролын сайд Жэйсон Клэйр, Мэргэжлийн ур чадвар, сургалт эрхэлсэн сайд Брэндан О’Коннор нартай уулзаж, Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсоны зэрэгцээ цаашид хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс монголын оюутнуудад жил бүр олгодог одоогийн 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 50 хүртэл нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн болно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Их сургууль, Австралийн Үндэсний их сургуультай, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канберрагийн их сургуультай “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулан, багш, оюутан солилцох, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Австрали Улсад энэ оны 1 дүгээр сарын байдлаар 2374 монгол оюутан суралцаж буйгаас 1200 орчим нь техникийн болон мэргэжлтийн боловсролын сургуульд, 700 гаруй нь англи хэлний курсэд, 600 гаруй нь их, дээд сургуульд суралцаж байна.

Нөгөө талаас Австралийн Үндэсний их сургууль, Уоллонгонгийн их сургууль, Эдит Коуэны их сургуулийн 40 гаруй оюутнууд 2017-2019 онд “Шинэ Коломбо хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад танилцах аялал, дадлага хийсэн бол 2023 оны 7 дугаар сард Австралийн Үндэсний их сургуулийн 15 оюутан манай улсад дахин зочлохоор бэлтгэж байгаа болно.