Элчин сайдын мэндчилгээ

2022-12-31


Эрхэм Та Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилно уу.

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын харилцаа 50 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд хоёр орны хооронд улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, хууль тогтоох дээд байгууллага хооронд, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Өдгөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж байна. Бид энэхүү харилцаагаа бататгаж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийг зорин ажиллаж байна.

Австрали Улс нь манай улсын чухал “гуравдагч хөрш”, худалдаа, эдийн засгийн гол түншүүдийн нэг. ӨнөөдөрАвстралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байна. Оюу толгой төсөл нь манай улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй төдийгүй Монгол, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг илтгэх чухал төсөл нэгэнт болжээ.

Иргэд хоорондын болон хүмүүнлэгийн харилцаа хоёр улсын хамтын ажиллагааны чухал тулгуур болон бэхжиж байна. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Монгол, Австралийн хооронд байгуулсан “Ажиллах болон амрах” визийн тохиролцоо зэрэг нь иргэдийн харилцаа, залуучууд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Австрали Улсад 16,000 орчим монгол иргэн сурч, ажиллаж, оршин амьдарч байна. Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эрхзүйн орчныг бүрдүүлэхэд Элчин сайдын яам анхаарч ажиллаж байна.

Австрали Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсаа Австрали болон Шинэ Зеланд Улсад төлөөлөн ажилладаг.

Эдгээр улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлсээ хуваалцах, эдгээр улсад Монгол орноо сурталчлах, түүх соёлоо түгээн таниулах нь Элчин сайдын яамны үйл ажиллагааны нэн чухал чиглэл юм. Мөн Австрали, Шинэ Зеланд Улсад оршин сууж буй болон зорчин яваа монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээ мэдээллээр хангах, иргэдийнхээ үүсгэн байгуулсан холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бид ач холбогдол өгч ажилладаг.

Иргэн Та манай цахим хуудаснаас тус Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцах, Австрали болонШинэ Зеландтай хөгжүүлж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны онцлох үйл явдал, мөн өөрт шаардлагатай консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.

Манай Элчин сайдын яам иргэн Танд нээлттэй, байнга дэмжлэг үзүүлж ажиллах болно. Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилсон эрхэм Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн