Улс төрийн харилцаа

2023-02-16


Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй явагдаж ирсэн. Өдгөө хоёр тал Өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Мөн иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс төрийн харилцаа гүнзгийрч байна.

Монгол Улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд, Австрали Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 онд тус тус нээсэн. 1990-ээд оноос буюу Монгол Улс ардчилсан тогтолцоо руу шилжсэн үеэс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжсэн. Австралийн Амбан захирагч Билл Хайден 1994 онд Монголд, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Австралид албан ёсны айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрамдал, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Австрали Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан бөгөөд уг мэдэгдэлд: “Өөр хоорондын харилцаандаа бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байх зарчим болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад хэм хэмжээг үндэс болгоно” гэж хоёр талын харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон.