images

АВСТРАЛИЙН ШҮҮХЭЭС МОНГОЛ ИРГЭНИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛОХЫГ ТОГТООСОН ШИЙДВЭР ГАРЛАА

Мэдээ мэдээлэл

2026-11-09

30

 

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгалан, түүний гэргийг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.

Эргэн сануулахад Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллага саатуулж хүчингийн хэрэгт буруутган шалгах болсон.

Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ирсэн. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан болно.

Элчин сайдын яамнаас Австралийн талын цагдаа, прокурор, шүүхийн байгууллага болон өмгөөлөх талтай тогтмол холбогдон шуурхай ажилласны үр дүнд 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сидней хотын орон нутгийн шүүх хуралдаж манай иргэнийг энэ хэрэгт огт холбоогүй болохыг тогтоож, цагаатгах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг иргэд Та бүхэндээ албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү хилс хэрэгт гүтгэгдсэн асуудал дууссан тул өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ё.Амарбаясгалан гэр бүлийнхээ хамт Канберра хотод хүрэлцэн ирж Монгол Улсын Гадаад харилцааны яам, тус Элчин сайдын яамнаас үзүүлсэн бүх талын туслалцаанд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Энэ дашрамд бидний зүгээс манай иргэнийг уг хэрэгт холбоогүй болохыг тогтоон цагаатгаж хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэсэн Австралийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагад талархал илэрхийлж байна.

Эцэст нь хэлэхэд, тус улсад оршин сууж, ажиллаж, суралцаж буй манай иргэд Та бүхнийг суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хууль бус үйлдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирогч болсон, эсхүл аливаа хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яаманд цаг алдалгүй даруй хандаж байхыг хүсье.

 

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам

2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр