images

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2024-01-05

339

Тус Элчин сайдын яаманд төрийн үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр https://e-mongolia.mn цахим платформд холбогдож, иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын төрийн байгууллагуудаас олгодог лавлагаа, тодорхойлолт, зарим үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэв.

Иргэн Та тус үйлчилгээг авахын тулд өөрийн биеэр ЭСЯ-нд хүрэлцэн ирж, хурууны хээгээ тусгай төхөөрөмжид таниулснаар холбогдох лавлагаа, үйлчилгээг авах боломжтой болно.

Хилийн чанадад оршин суугаа иргэдэд нэн хэрэгцээт лавлагаа, тодорхойлолтууд болох төрсний, гэрлэсний, гэрлэлт бүртгэлгүй, жолооны үнэмлэхийн, иргэний үнэмлэхийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон бусад төрлийн 120 лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой. Үүнээс зарим лавлагааг англи хэлээр мөн авах боломжтой. Түүнчлэн, нийгмийн даатгал, иргэний харьяат, гааль, шүүх, цагдаа, газар, үл хөдлөхийн зэрэг лавлагаа тодорхойлолтуудыг мөн үнэ төлбөргүй авах боломжтой.

Өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, авах хүсэлтэй лавлагаа тодорхойлолт, үйлчилгээний талаарх мэдээллийг тус ЭСЯ-ны утсаар болон цахим шуудангаар урьдчилан мэдэгдэж, өөрийн биеэр ирж үйлчилгээ авах нь таны цагийг хэмнэхийг анхаарна уу.

Жич: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр зөвхөн https://e-mongolia.mn платформ руу нэвтэрч тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг авах боломжтой тул иргэн Та зайлшгүй өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж үйлчилгээ авах шаардлагатайг анхаарна уу!

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ