images

Элчин сайдын яамны хамт олон соёлын арга хэмжээнд оролцов

Мэдээ мэдээлэл

2023-11-27

231

Элчин сайдын яамны хамт олон Монгол Улсаас Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид суугаа Өргөмжит консул Брайн Торнтон гэргий Энхцацралын хамт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эксетер тосгоны нийтийн танхимд зохион байгуулсан “Мөнх хөх тэнгэрийн орон” сэдэвт Монгол Улсыг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулсан соёлын арга хэмжээнд оролцов.

Орон нутгийн 80 гаруй иргэд үзэж сонирхсон тус арга хэмжээний үеэр Австралийн үндэсний их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс Монголын гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Өргөмжит консул Брайн Торнтон, Энхцацрал нар Монгол Улсын түүх, байгаль, нийгэм, эдийн засгийн талаар презентаци тавьж, уран бүтээлч П.Мөнхжин хархираа хөөмий дуу дуулж, морин хуур, цуур, хэл хуурын аялгууг эгшиглүүлэв.

Соёлын арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Даваасүрэн уран бүтээлч П.Мөнхжинд Монголын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгийг гардуулж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.