images

Монгол Улсын Морин хуурын чуулга Сиднейн Дуурийн театрт анх удаагаа "Монголын сайхан орон" бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав

Мэдээ мэдээлэл

2023-09-14

195

Монгол Улсын Морин хуурын чуулга 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сиднейн Дуурийн театрт анх удаагаа бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав. Тоглолтыг Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Парламентын дарга Бэн Франклин, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Ковэн нар нээж үг хэлж, Австралийн төр, засаг, бизнесийн төлөөлөл, Австралийн Холбооны Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөөлөгчийн газруудын Тэргүүн нар, тус улсад үйл ажиллагаа явуулж буй Монголын холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 үзэгч үзэж сонирхов.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сиднейн Дуурийн театрт болсон Монголын Морин хуурын чуулгын тоглолтын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов. Нийт 200 хүндэт зочин оролцсон тус хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж, Элчин сайд Д.Даваасүрэн, Шинэ Өмнөд Уэльс мужийн Захирагч Маргарет Бизли нар үг хэлсний дараа төлөөлөгчид “Монголд тавтай морил” видео контент болон морин хуурын урлагийн тоглолтыг үзэж сонирхов. Австрали Улсад ажиллаж амьдарч буй Г.Эрдэнэцэцэг, Д.Сумъяацэрэн, Б.Оюунцэцэг, Г.Ванчигцэрэн, Ю.Амартүвшин нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Д.Сувдаад “Боловсролын тэргүүний ажилтан”, Г.Бөхчулуунд Соёлын сайдын тушаалаар олгосон “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгийг гардуулах ёслолын ажиллагаа болов.