images

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Хойд бүс нутагт айлчлав

Мэдээ мэдээлэл

2023-08-24

151

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Хойд бүс нутагт 2023 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Элчин сайд Хойд бүс нутгийн Захирагч Хью Хэгги, Парламентын дарга Марк Монаган нартай 8 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, газар зүйн ижил төстэй Хойд бүс нутагтай харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөгжүүлэх өргөн боломж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн өдөр Элчин сайд Д.Даваасүрэн Дарвины их сургуулийн Ерөнхийлөгч Скотт Бауман болон сургуулийн бусад удирдлагатай уулзаж, дээд боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа оюутан солилцоо, их сургууль хоорондын харилцааг өргөжүүлэх, энэ зорилгоор Ерөнхийлөгч Скотт Бауманы Монгол Улсад хийх айлчлалыг ирэх 2024 онд зохион байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн, Элчин сайд Хойд бүс нутгийн Урлагийн галлерей музейд зочилж, бүс нутаг, уугуул иргэдийн соёл, зан заншил, урлагийн бүтээлтэй танилцав.

 

Айлчлалынхаа хүрээнд Элчин сайд Д.Даваасүрэн тус бүс нутгийн Олон улсын боловсрол; Корпораци, Цахим хөгжил; Олон улсын соёлын харилцаа; Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан сайд Нгари Ах Кит, Парламент дахь Сөрөг хүчний бүлгийн дарга Лиа Финоккиара нартай уулзаж, тус бүс нутгийн боловсрол, цахим хөгжил, хүний хөгжлийн салбарт дэвшүүлж буй бодлого, зорилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. Мөн өдөр Дарвин хотын дарга Кон Ватскалистай уулзаж, эрүүл мэнд, боловсрол, хүнс, гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын хөгжлийн асуудлаар мэдээлэл авч, ярилцав.

Түүнчлэн, Элчин сайд Д.Даваасүрэн Дарвин хотод сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав.