images

Австралийн Парламентын гишүүн, Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга, эрхэмсэг хатагтай Таня Лауренс Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнг Парламентын хуралдаанд танилцуулав

Мэдээ мэдээлэл

2023-08-04

112

Австралийн Парламентын гишүүн, Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга, эрхэмсэг хатагтай Таня Лауренс 2023 оны 7 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнг Парламентын хуралдаанд танилцуулав.

Тэрээр хэлсэн үгэндээ Австралийн Холбооны Улс, Монгол Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа ялангуяа сүүлийн 20 гаруй жил амжилттай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өргөн нөөц боломжийг тэмдэглэв. 

Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр эрхэмсэг хатагтай Таня Лауренс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол-Австралийн найрамдлын бүлгийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нартай хоёр талын уулзалтуудыг хийж, Монголын эдийн засгийн форумд оролцож, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон, Оюу Толгой ордын бүтээн байгуулалттай танилцсан юм. Нөөцийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт орох зэс, алтны Оюу Толгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт нь газрын гүнд 1.3 километрын дор оршиж, байгаль орчинд ээлтэй, дэлхийн тэргүүний технологийг нэвтрүүлснээрээ онцлог бөгөөд ойрын ирээдүйд уурхайн олборлолтын хэмжээг хагас сая тоннд хүргэхээр зорьж байна.

Австрали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга, эрхэмсэг хатагтай Таня Лауренс 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Перт хотод зохион байгуулсан Австрали-Монголын Бизнес зөвлөлийн хоёрдугаар уулзалтад оролцож, Монгол Улсад бизнес эрхэлж буй Австралийн компаниудын төлөөлөлтэй уулзан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон.

Хатагтай Таня Лауренсийн илтгэлийг энд дарж үзнэ үү.