Монголын соёлын арга хэмжээг зохион байгуулав
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд тус Элчин сайдын яам Баруун Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол сургуультай хамтран “Монголын соёлын арга хэмжээ”-г 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Перт хотын Вэмбли олон нийтийн төвд зохион байгуулав. Уг арга хэмжээг Элчин сайд Д.Даваасүрэн, Баруун Австралийн Орон нутгийн захиргаа, спорт, соёлын үйлдвэрлэлийн яамны Олон нийтийн харилцаа холбоо, санхүүжилт хариуцсан менежер Амбер Крейк нар нээж үг хэлж, “Монголд зочлох жил” видео контентыг үзүүлж, морин хуур, хийл, электрон гитар зэрэг урлагийн тоглолтыг толилуулан зочдыг монгол хоолоор дайлав. Соёлын арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали дахь Монгол сургуулийн захирал А.Нина, Куртины их сургуулийн Хэл шинжлэлийн сургуулийн профессор Д.Сэндэр нарт Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ийг гардуулж, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид хийж буй айлчлалынхаа хүрээнд Баруун Австралийн их сургуулийн Ерөнхийлөгч Амит Чакматай уулзаж, тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний ажлуудыг хамтран зохион байгуулах, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтарсан судалгааны ажлыг хийх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг цаашид авч хэрэгжүүлэхээр тохиров.