Австрали-Монголын Бизнес Зөвлөлийн 2 дугаар уулзалтыг зохион байгуулав
Австрали-Монголын Бизнес Зөвлөлийн 2 дугаар уулзалт 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Перт хотын Ритц-Карлтон зочид буудалд болов. Уулзалтыг нээж Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Парламентын гишүүн, Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга Таня Лауренс нар үг хэлсний дараа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Уянга “Монгол Улсын эрдэс баялгийн салбарт Засгийн газрын баримталж буй бодлого”, Рио Тинто компанийн Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал Степэн Жонс Оюутолгой төслийн хэрэгжилт, Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (АМЕП)-ийн төслийн удирдагч Рена Гуендуез “АМЕП төслийн хэрэгжилт”, Жэйд Газ компанийн гүйцэтгэх захирал Крис Жэймсон “Монгол Улсад эрчим хүчний шинэ салбарыг хөгжүүлэх нь”, “Asian Battery Minerals” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Монгол Улс дахь газрын ховор элементийн хайгуулын нөөц” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавив. Илтгэлийн дараа төлөөлөгчид санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултаа асууж, тодорхой хариултуудыг авав.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Д.Даваасүрэн хаалтын үг хэлснээр Австрали-Монголын Бизнес Зөвлөлийн 2 дугаар уулзалт өндөрлөв. Уулзалтад Австралийн Парламентын гишүүн Дин Смит, Рио Тинто компани, Баруун Австралийн Эрдэс баялгийн зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монаделфус, Занаду Майнс, ТМК Энерги, Талон Энерги, Жэйд Газ, Азийн Баттерей Минералс, Уорли, Янкөүл, Аспен Медикал, Тийсс, CSAGlobal, Перт хотын Монголчуудын холбооны удирдлага зэрэг 50 гаруй төлөөлөгч оролцов. Бизнесийн зөвлөлийн 3 дугаар уулзалтыг энэ оны 11 сард Сидней хотноо зохион байгуулахаар болов.