Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна
Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид хийж буй айлчлалынхаа хүрээнд 6 дугаар сарын 7-ны өдөр тус мужийн Амбан захирагч Крис Доусон, Парламентын дээд танхимын Ерөнхийлөгч Аланна Клохэзи нартай тус тус уулзаж, Баруун Австрали мужтай боловсрол, уул уурхай, иргэдийн солилцооны хүрээнд хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид аялал жуулчлал, хүмүүнлэг, хууль сахиулах байгууллагын чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг тэлэх боломж байгааг онцолж, энэ чиглэлээр хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарахаар болов.
Түүнчлэн, энэ өдөр Баруун Австралийн Хөдөө аж ахуй, хүнс, ойн аж ахуй, жижиг бизнесийн сайд Жаки Жарвистой уулзаж, Монгол Улс, Баруун Австрали мужийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын үүрэг оролцоо өндөр байдаг ижил төстэй байдалд тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бэлчээрийн доройтлыг бууруулах, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сав баглаа боодол, стандарчлал, экспортын чиглэлээр туршлага судлах, хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн өдөр Элчин сайд Д.Даваасүрэн Перт хотын дарга Дэвид Макколлэктай уулзаж, хот төлөвлөлт, хөгжүүлэлттэй холбоотой харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсоны зэрэгцээ Баруун Австралийн Ерөнхий шүүгч Дэвид Малколмтой тус мужийн шүүхийн тогтолцоо, шүүгчдийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтуудын талаар мэдээлэл авч, дэлгэрэнгүй ярилцав.
Уулзалтын дараа Баруун Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Майкл Картер болон албаны бусад хүмүүстэй уулзаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой салбаруудын нөөц боломж, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг холбож, хамтарсан сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулахаар ярилцав.