Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна
Элчин сайд Д.Даваасүрэн 2023 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрээр 6 дугаар сарын 6-ны өдөр албаны дараах уулзалтуудыг хийв. Үүнд: Баруун Австрали мужийн Парламентын гишүүн, Сөрөг хүчний бүлгийн дарга Шон Ловтой уулзаж, хоёр талын улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн, Баруун Австрали мужийн Хөдөлмөр, аялал жуулчлал, шинжлэх ухаан, инновацийн яамны Стратегийн бодлого хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Кингтэй Монгол Улс, Баруун Австрали мужийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ноён Алекс Кинг Баруун Австрали мужийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл, хэтийн төлөв, бодлого, зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Монгол Улстай цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Дараа нь Рио Тинто компанийн Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал Степэн Жонстой уулзаж, тус компанийн Баруун Австрали муж дахь үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, нийлүүлэлтийн салбарт дэвшилтэт техник технологи, алсын зайн удирдлагыг амжилттай нэвтрүүлсэн арга, туршлагын талаар мэдээлэл авч, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Уулзалтын дараа Элчин сайд Рио Тинто компанийн Алсын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн өдөр Элчин сайд Д.Даваасүрэн Куртины их сургуулийн дэд ректор Жая Дантастай уулзаж, тус сургуульд монголын оюутан залуучууд суралцах боломжийг нэмэгдүүлэх, ялангуяа Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн Австрали Улсад 2023 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр тус сургуультай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын дараа Элчин сайд Павси супер компьютерийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, квант тооцооллын цаашдын хөгжил, түүний практик хэрэглээний талаар мэдээлэл авав.