Австралийн Парламентын Сенатын Ерөнхийлөгч болон Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нартай 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Парламентын ордонд уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, боловсрол, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв. Мөн энэ үеэр боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түүний дотор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагсдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.