Сидней дэх монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сидней дэх монгол сургуулиар зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр тус сургуульд суралцаж буй хүүхдүүд монгол хэлээр сурсан зүйр цэцэн үг, дуу шүлгээсээ толилуулав. Л.Энх-Амгалан сайд тус сургуулийг үүсгэн байгуулсан болон одоо ажиллаж буй багш, ажилтнуудад талархлаа илэрхийлж монгол ном, сурах бичгийн дээжээс гардуулав. Мөн сургуулийн удирдлага, багш нарын санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр тус сургуулийг үүсгэн байгуулагч Э.Оюумаагийн идэвх санаачилга, хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр шагнав.
Түүнчлэн боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Шинэ Зеланд Улсад оршин сууж буй Д.Сувдааг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Куртины их сургуулийн доктор Д.Сэндэр, Перт дэх монгол сургуулийн захирал А.Нина нарыг БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасныг тус тус танилцууллаа.