images

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад айлчилж байна

Мэдээ мэдээлэл

2023-03-06

129

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Л.Энх-Амгалан сайд Австралийн Боловсролын сайд Жэйсон Клэйр, Мэргэжлийн ур чадвар, сургалт хариуцсан сайд Брэндан Оконнор нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтуудын үеэр тэрээр Монгол Улсын Засгийн газраас боловсрол, мэргэжлийн сургалтын салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Монголын оюутан залуусын боловсролын түвшинг дээшлүүлэхэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлээд цаашид хоёр улсын боловсрол, мэргэжил сургалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс монголын оюутнуудад жил бүр олгодог одоогийн 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 50 хүртэл нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Австралийн Боловсролын сайд Жэйсон Клэйр Австрали, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлж, ялангуяа монголын залуу боловсон хүчнийг Австрали Улсад бэлтгэх, англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа нотлов.

Мэргэжлийн ур чадвар, сургалт хариуцсан сайд Брэндан Оконнор Австралийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжил сургалтын төвийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй Австралийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр улсын мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвүүд туршлага харилцан солилцох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.