Цахим итгэмжлэл үйлдэх заавар

2023-02-09


  1. Итгэмжлэлийг хянах болон баталгаажуулах Дипломат төлөөлөгчийн газрыг заавал сонгоно
  2. “Төлөөлүүлэгч” хэсэгт өөрийн Австрали дахь гэрийн хаяг, регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, Австрали дахь гар утасны дугаар зэргийг алдаагүй бичнэ. Нэгээс дээш “Төлөөлүүлэгч” байх тохиолдолд  “+” товчийг дарж нэмнэ.

  1. “Төлөөлөгч” хэсэгт Монгол Улсад таныг төлөөлөх хүний мэдээлэл буюу Монгол дахь гэрийн хаяг, регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эхийн нэр, төлөөлөгчийн нэр, Монгол дахь гар утасны дугаарыг үнэн зөв, алдаагүй бичээд “ДАРААХ” товчийг дарж “Итгэмжлэлийн эрх олгох” хэсэг рүү шилжинэ. 

  1. “Ерөнхий итгэмжлэл” доторх эрхийн мэдээлэл хэсэгт дараахь үндсэн хэсгүүд байх бөгөөд үндсэн хэсэг тус бүрийн өмнө “+” тэмдгийг дарахад эрх олгох үйлдлийн жагсаалтууд гарч ирнэ. Эдгээр эрх олгох жагсаалтаас Та “Төлөөлөгч”-дөө олгох эрхээ сонгох бөгөөд таны олгохыг хүсэж буй эрх уг жагсаалтад байхгүй тохиолдолд “бусад” гэх хэсгийг сонгосноор жагсаалтын дээд хэсэгт нэмэлт мэдээлэл бичиг цонх гарч ирснээр шаардлагатай мэдээллээ тусгах боломжтой.

Жишээ: Мобиком компанийн 99000000 дугаартай холбоотой үйлдэл хийх талаар жишээ болгож үзүүлэв. Түүнчлэн, аливаа итгэмжлэлд “баримт бичигт гарын үсэг зурах” гэсэн эрхийг сонгож байхад анхаарна уу.

  1. “Бусад нөхцөл” хэсэгт Та итгэмжлэлийн хүчинтэй хугацааны мэдээллийг оруулах ёстой бөгөөд нотариатын тухай хуулиар итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 3 жилээс хэтрэхгүй байх тул энэ хэсэгт оруулж буй мэдээллээ сайтар нягтална уу.

  1. “Хавсралт” хэсэгт Төлөөлүүлэгч өөрийн гадаад паспортын хуулбар, Төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг зайлшгүй хавсаргана. Мөн итгэмжлэлийн агуулгаас хамаарч төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг тухай итгэмжлэлд хавсаргагдах шаардлагатай гэж үзэж буй бусад баримт бичгийн хуулбаруудын PDF, JPG, PNG өргөтгөлтэй файлуудыг зурагт үзүүлсэн “+” дээр дарж, нэг бүрчлэн нэмнэ.

Жич: Зайнаас үйлчилгээ авч буй иргэдийн тухайд Төлөөлүүлэгчийн гадаад паспортын баталгаажуулсан хуулбар буюу Австралийн post office эсвэл Pharmacy зэрэг итгэмжлэгдсэн газарт үйлддэг “Certified to be true” тамга даруулсан хуулбарыг хавсаргах шаардлагатайг анхаарна уу.

  1. “Үйлдэл харах” хэсэгт Төлөөлүүлэгчийн цахимаар үйлдсэн итгэмжлэлийн анхны бичвэр харагдах бөгөөд хянах боломжийг олгодог. Төлөөлүүлэгч итгэмжлэл дээрх мэдээллүүдээ нарийвчлан шалгаж, алдаатай бол “Өмнөх” товчийг дарж засах боломжтой. Доорх зурагт буй тодруулсан хэсгийн мэдээллүүдээ сайтар нягтлах шаардлагатай.

  1. Дээрх мэдээллүүдээ шалгаад “Хадгалах” товчийг дарснаар доорх төлөв харагдах бөгөөд итгэмжлэлээ алдаагүй үйлдсэн гэж үзвэл “Хянуулах” товчийг дарснаар Төлөөлүүлэгчийн хүсэлт ЭСЯ-ны консулын ажилтан руу илгээгдэнэ.

  1. ЭСЯ-ны Консулын ажилтан Төлөөлүүлэгчийн итгэмжлэлийг хянаад, алдаатай тохиолдолд тодорхой тайлбар, анхааруулгыг бичээд итгэмжлэлийг буцаана. Хэрэглэгчийн эрхээр харахад доорх зурагт үзүүлсэн байдлаар “Буцаасан” гэх төлөвт орсон байна.

  1. “Буцаасан” гэх төлөвийг дарахад консулын ажилтнаас ирүүлсэн тайлбар, анхааруулга харагдах бөгөөд Төлөөлөгч холбогдох засвар, өөрчлөлтийг тусгаад “Хянуулах” товчийг дарж дахин ЭСЯ-ны консул руу илгээнэ.

  1. ЭСЯ-ны консулын ажилтнаас “Зөвшөөрсөн” төлөвтэй ирсэн Төлөөлүүлэгчийн итгэмжлэлд системээс дугаар болон QR код олгогдоно.

  1. Дугаар болон QR код олгогдсон итгэмжлэлийг Төлөөлүүлэгч хэвлэн гаргаж, өөрийн баталгаат гарын үсгээ зурж, дор дурдсан хавсралтуудын хамт тус ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ. Түүнчлэн таны боловсруулсан цахим итгэмжлэл ЭСЯ-ны Консулаас баталгаажиж ирсэний дараа төлбөрөө төлөх шаардлагатайг анхаарна уу.
  2. ЭСЯ-наас иргэний гарын үсэг зурсан итгэмжлэлийг хүлээн авч,  нотариатаар баталгаажуулж, цахим нотариатын системд байршуулсны дараа Төлөөлүүлэгчийн цахим шуудан руу дараах зурагт харагдаж байгаачлан 12 орон бүхий QR кодыг илгээнэ. Төлөөлүүлэгч цахим шуудангаар ирсэн 12 орон бүхий QR кодыг Монголд байгаа Төлөөлөгчид өгөх ёстой бөгөөд Төлөөлөгч уг кодоор өөрт ойр байрлах дурын нотариатчаас итгэмжлэлээ хэвлүүлэн, баталгаажуулж авна.

Анхаарах: Хэрэглэгчийн эрхээр нэвтрэн ороход Ерөнхий итгэмжлэлээс гадна Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, Шүүхэд төлөөлөх, Газар эзэмших болон бусад үйлдэл хийх итгэмжлэлийг төлөвүүд байх бөгөөд Төлөөлүүлэгч өөрийн зорилгод нийцсэн үйлдлээ сонгох хэрэгтэй.